Богд уул, Зайсан толгой орчмыг тусгай хамгаалалт бүхий дархан цаазат газар нутаг гэж одоо хэлбэл бараг тэнэг хүн болохоор. Энэ нь Монголд өнөөдөр хууль, дүрэм, журам эсрэгээрээ хэрэгждгийн улаан цагаандаа гарсан жишээ юм. Хүүхдийн хорих ангиа тойрон Зайсанд шил шилээ дарсан тансаг зэрэглэлийн орон сууцнуудыг барьж амьдран суусан хүмүүс хүүхдүүдийгээ шударга, зөв амьдрахыг заах нь бараг л онигоо ярихтай адил зүйл мэт.  Цаг хугацааны эрхэнд хууль бус байшин барилга нь Зайсан орчимд багассангүй харин ч эсрэгээрээ улам бүр нэмэгдэж харин хүүхдийн хорих ангиа нүүлгэжээ. 

Богд уул, Зайсан толгойг нэгэнт тавиад туусан бол өнөөдөр бид Туул голоо араас нь явуулах хэмжээнд хүрэв.

Туул голын ойролцоо огт зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байгаа 251 хуулийн этгээд бий гэсэн судалгаа гарчээ.

Судалгаагаар Туул голын хамгаалалтын бүсэд хамрагдаж буй таван дүүргийн нутаг дэвсгэрт:

  • онцгой хамгаалалтын бүсийн буюу 50 метрт 2,307,
  • энгийн хамгаалалтын бүс буюу 200 метрт 11,731 нэгж талбай газар эзэмшилт, ашиглалттай байна.
  • Уг нь Туул гол улсын тусгай хамгаалалтын бүсэд байдаг ч аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авчихаад байшин, барилга барьдаг. Нөгөө л Зайсангийн жишээ давтагдсаар.

    Туул гол орчимд зөвшөөрөлгүй барилга барьж, бургас тайрч байгаатай холбоотойгоор иргэдээс 3,000 орчим өргөдөл УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иржээ.

    Үүний дагуу Туул гол орчимд нөхцөл байдал ямар байгаатай УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцахаар газар нь дээр ажилласан юм.

    Энэ тухай видео: