Төрийн үйлчилгээг хялбаршуулах, иргэдэд цахим үйлчилгээг хүргэх зорилгоор Үндэсний Дата төвийн инженерүүд хөгжүүлж, энэ оноос эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн Төрийн мэдээлэл, солилцооны “ХУР” системд Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн гишүүд болох Монголын Цахилгаан Холбоо, Мобиком Корпораци, Скайтел, Юнител компаниуд нэгдсэнийг өнөөдөр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газраас батламжиллаа.
Ингэснээр иргэдийн үйлчилгээ авахдаа бүрдүүлэх баримт бичиг багасаж, зөвхөн хурууны хээгээ уншуулан оператор компаниудаас бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо.
Мобиком корпорацийн Сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны захирал Э.Чинзориг “Цахим эрин үе бидэнд цаг хугацаа орон зайнаас үл хамааран үйлчилгээг маш хурдан хялбараар авах боломжийг олгож байна. Төрийн байгууллагууд цахим эриний энэ шилжилтэд дэлхийн улс орнуудтай зэрэгцэн орж байгаад баяртай байгаа. Мобиком корпорацийн хувьд хоёр жилийн өмнөөс үүрэн холбооны салбартаа анх удаа өөрөө өөртөө үйлчлэх үйлчилгээг нэвтрүүлж байлаа. Мөн зөвхөн салбар дээр ирж авах боломжтой байсан үйлчилгээнүүдийг сумын хэрэглэгчид тэр дор нь цаг алдалгүй хүргэх “Моби агент” системийг нэвтрүүлсэн. Энэ удаад “Хур” системд нэвтрэн орсноор хэрэглэгчиддээ хурдан, шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна. Хэрэглэгчид маань олон бичиг баримт бүрдүүлэхгүй хурууны хээгээ уншуулаад л үйлчилгээ авах боломжтой боллоо” хэмээн ярилаа.
Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газрын дарга Б.Чинбат “Үүрэн холбооны операторууд төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбогдсоноор иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ лавлагаа, бичиг баримт шаардахгүйгээр онлайнаар мэдээллийг шууд авах боломж бүрдэж байгаа юм. Ингэж төр өөртөө байгаа мэдээллүүдээ бизнесийн байгууллагад ашиглуулснаар иргэд лавлагаа тодорхойлолт авах гэж ийш тийш явахгүй болно. Үүнд нэмэлт төлбөр байхгүй бөгөөд одоогийн мөрдөгдөж буй тарифаар үйлчилгээ явна.
Төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг хялбарчлах, иргэн төвтэй, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Үндэсний дата төв УТҮГ-ын инженерүүд Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн. “Хур” системд одоогийн байдлаар 27 байгууллагын 48 сервис холбогдоод, хоорондоо мэдээлэл солилцох хэлбэрээр ажиллаж байна” гэлээ.
Монголын Цахилгаан Холбоо, Мобиком Корпораци, Скайтел, Юнител, Мэдээлэл Холбооны сүлжээ, Скайнэтворкс, Мобиком нэтворкс зэрэг Монгол Улсын Харилцаа Холбоо, Мэдээллийн технологийн салбарт үйлчилгээ эрхэлж буй оператор компаниуд 2018 оны нэгдүгээр сараас Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацид нэгджээ.
Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн Гүцэтгэх захирал У.Тамир “Ассоциацийн гишүүн оператор компаниуд өнөөдөр нэгэн зэрэг Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд нэгдэж байна.
Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэх мэдээлэл, харилцаа холбооны шинэ, дэвшилтэт, найдвартай үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ үйлчилгээ авахад илүү хялбар болох чухал алхам боллоо. Мэдээлэл холбооны аль ч оператор компаниудаар цахим иргэний үнэмлэхгүйгээр ирж, үйлчлүүлэх боломж бүрдсэнээр нийт 3.3 сая гаруй хэрэглэгч төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй авах бололцоотой болж байна” гэв.